БҮТЭЭЛЧ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб нь East West Center-тэй хамтран Бүтээлч Менторшип Хөтөлбөр буюу манлайлал, бизнес эрхлэлтийг нийгэмдээ суурилсан арга барилаар хөгжүүлэх хөтөлбөрийг 2019 онд хэрэгжүүлсэн бөгөөд цаашид улам олон бизнес эрхлэгч нарыг энэхүү хөтөлбөрт хамруулахыг зорин ажиллаж байна.

 

БҮТЭЭЛЧ МЕНТОРШИП-2019

East-West Center

East–West Center нь 1960 онд АНУ-ын Конгрессийн дэргэд үүсгэн байгуулагдсан Өрнө Дорнын буюу АНУ болон Ази номхон далайн бүс нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байгууллага юм. Сүүлийн 20 жилийн турш East-West Center манлайлал бол албан тушаал бус гагцхүү сурч  эзэмших боломжтой гэдгийг манлайллын хөтөлбөрүүдээрээ заан түгээсээр ирсэн юм.

АНУ-ын East-West Center-н Innovation Lab нь Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хэрэгжиж буй бүтээлч, инноваци бүхий хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж АНУ болон бүсийн хамтын хөгжлийг сайжруулахад оршдог бөгөөд 2019 оны Бүтээлч Менторшип хөтөлбөр дээр хамтран ажиллалаа.

 

Хөтөлбөрийн оролцогчид

2019 оны 10 дугаар сард бид Бүтээлч Менторшип Хөтөлбөрийн анхны 14 ментийг нийт 60 гаруй хүсэлтээс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чин хүсэл болон нийгэмдээ ээлтэй бизнесийг хэрэгжүүлэх эрмэлзлийг харгалзан үзэж сонгосон. 2019 оны Бүтээлч Менторшип хөтөлбөрийн оролцогч нартай манай Facebook хуудаснаас танилцана уу.

https://www.facebook.com/WEMClub/photos/pcb.715831078893873/715829685560679/?type=3&theater

Хөтөлбөрийн хэрэгжилт

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубын Бүтээлч Менторшип хөтөлбөрийн анхны 14 ментий нар нийгэмд ээлтэй бизнесийн ойлголтоо нэмэгдүүлж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг бүрдүүлэх орчинг бүтээж чадлаа.

Хөтөлбөрийн нээлтийн өдөр бид ментий нартайгаа танилцахаас гадна бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань нийгэмд элбэг тулгамдаж буй бэрхшээл, асуудлуудад ихээхэн зовнидог ч нийгэмд ээлтэй бизнесийн тухай мэдлэг бага болоод тэр бүр эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажилладаггүйг олж мэдсэн.

Иймд энэхүү хөтөлбөрийг МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл болон АНУ-ын Конгрессийн East-West Center нарын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, Монголд бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн асуудлуудад хамтран оролцох боломжуудын тухай хувь хүний эргэцүүллийн арга барилын аргаар хэрэгжүүлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд бид нийт 4 төрлийн нийгмийн аливаа асуудлуудыг шийдвэрлэж буй байгууллага, хамт олон дээр айлчилсан бөгөөд тухайн өдрийн Ментороор үйл ажиллагаагаа хэрэгжүүлэгч манлайлагч нь оролцон манай бизнес эрхлэгчидтэй түүхэнд суурилсан яриа өрнүүлэн, өөрсдийн мэдлэг туршлагаас манай ментий нартай хуваалцсан юм.

“Ментий нарын нийгэмд ээлтэй бизнесийн тухай ойлголт 4 удаагийн бодит айлчлалуудын дараа 40% -иар нэмэгдсэн ба, нийт оролцогчдын 85% нь хөтөлбөрт хамрагдсан болоод айлчлал хийсэн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлсэн байна”

 

Бүтээлч менторшип 2019 хөтөлбөрийн хаалтын сургалтаар “Монголд бизнес эрхлэх” хууль зүйн орчны сургалтыг МинтерЭллисон хуулийн фирмийн хуульч Б.Амаржаргал, East-West Center-ийн Asia Pacific Leadership Program -ийн Joyce Wong “Баг бүрдүүлэх” сургалтуудыг явуулж энэ удаагийн хөтөлбөр маань өндөрлөлөө.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан ментий нарын хамтын ажиллагаанаас дурьдахахад, бид манай хөтөлбөрт хамрагдсан Эмэгтэй Энтрепренер Хөгжил Хоршооны гишүүдтэй хамтран Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд амьдарч буй охид, эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэхэд нь дэмжих гар урлалын ур чадвар эзэмшүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ.

 

Бүтээлч менторшип хөтөлбөрийн дараагийн элсэлтийн Ментее нар Монгол улсын 21 аймгийн төлөөлөл болох бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг Улаанбаатар хотноо үргэлжлэх энэхүү хөтөлбөрт хамруулан төлөвлөгөөтэй байгаа тул бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүстэй бид хамтран ажиллах бүрэн боломжтой тул бидэнтэй холбоо барихыг урьж байна.

“Зорилго нэгтэй нэгнээ хайх бус, гагцхүү нэгдмэл зорилгоо хамтдаа нээж мэдсэн тохилдолд чин хүсэлд суурилсан гайхалтай хамтын ажиллагаа, бүтээн байгуулалт эхлэх үүд нээгдэнэ”